ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны цахим хуудсанд зочилж буй Таны амар амгаланг айлтган мэндчилье.
Миний бие 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барин Элчин сайдын үүрэгт ажилдаа орсон бөгөөд үүний зэрэгцээ Бруней Даруссалам Улсыг хавсран сууж ажиллана.
Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд бидний найрсаг харилцаа харилцан хүндэтгэл, итгэлцэл, нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан тасралтгүй өргөжин хөгжиж ирсэн. Сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засгийн харилцааны агуулга өргөжиж хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, төрийн албан хаагчдын мэргэжил дээшлүүлэх, хүний нөөцийн чадавхыг сайжруулах, хүний эрх зэрэг чиглэлд өргөжин тэлж, харилцан зорчих иргэдийн тоо, соёлын солилцоо ч нэмэгдэж буйг тэмдэглэхэд таатай байна.
Миний бие уламжлалт найрсаг харилцааг улам бүр бататгах, хоёр талын хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил, ногоон эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал төдийгүй Сингапурын хөгжлийн туршлагаас судалж эх орондоо нэвтрүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд хөдөө орон нутагт чиглэсэн, иргэдэд гадаад харилцааны үр шимийг хүргэх бодит ажил санаачлан хэрэгжүүлнэ.
Түүнчлэн суугаа болон хавсран суугаа улсад ажиллаж, амьдарч, суралцаж буй монголчуудынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хилийн чанад дахь монголчуудын зөвлөл болон монгол иргэдийн үүсгэн санаачилсан байгууллага, холбоодын үйл ажиллагааг дэмжиж идэвхтэй хамтран ажиллах болно.
Дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус Элчин сайдын яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны тухай мэдээ, мэдээлэл төдийгүй бусад шаардлагатай мэдээлэл, зөвлөмж зэргийг Та бүхэн энэхүү цахим хуудаснаас авах боломжтой.
Монголчууд маань оршин суугаа орны хууль журмыг чанд сахиж, ёс заншил, өв соёлыг эрхэмлэн "Усыг нь уувал ёсыг нь дага" хэмээх сайхан монгол уламжлалаа даган, улс орныхоо нэр төрийг өндөрт өргөж яваа гэдэгт итгэлтэй байна.
Танд ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа эрүүл энх, сайн сайхны дээдийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ГАНБОЛДЫН УЯНГА