УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА
2026-05-08
Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улстай 1970 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. 1975 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад хавсран суух анхны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Буянтын Дашцэрэн Бүгд Найрамдах Сингапур Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Бэнжамин Хэнри Шиарэс-т Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан түүхтэй. Тухайн үед Монгол Улс Бүгд Найрамдах Сингапур Улсад байнгын суурин дипломат төлөөлөгчийн газар нээгээгүй байсан тул Элчин сайд Б.Дашцэрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас хавсран суудаг байжээ.
Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон 56 жилийн хугацаанд, ялангуяа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, соёлын салбарын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, төр, засгийн удирдлагуудын түвшний олон айлчлалууд амжилттай хэрэгжсэн болно.
Тухайлбал, манай талаас Ерөнхий сайд Намбарын Энхбаяр 2002 онд, Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд 2011 онд, Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2013 онд, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ 2022 онд тус тус айлчилсан бол сингапурын талаас Ерөнхий сайд Ли Сиен Лүүн 2016 онд болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцжээ.
Монгол Улс 2008 онд Бүгд Найрамдах Сингапур Улс дахь Ерөнхий консулын газраа Элчин сайдын яам болгон өргөтгөсөн нь хоёр талын харилцааг бэхжүүлэхэд чухал алхам болсон.
Хоёр талын улс төрийн хамтын ажиллагаа парламент, гадаад харилцаа, засгийн газрын холбогдох байгууллагуудын шугамаар идэвхтэй өрнөж ирсэн. Мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын бодлогын зөвлөлдөх уулзалтыг хоёр удаа зохион байгуулсан. Эдгээр механизм нь хоёр орны харилцааны бодлогын уялдаа, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чиглэж байна.
Хүмүүнлэгийн болон иргэдийн харилцааны хувьд хоёр улсын иргэд харилцан 30 хоног визгүй зорчих боломжтой. Боловсрол, хүний нөөцийн хөгжил нь хоёр талын хамтын ажиллагааны нэг чухал чиглэл юм. Түүнчлэн Сингапурын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын төрийн албан хаагчид төрийн удирдлага, засаглалын ил тод байдал, хот төлөвлөлт, хууль эрх зүйн тогтолцоо зэрэг чиглэлээр богино хугацааны сургалтад тогтмол хамрагдаж ирсэн.
Цаашлаад хоёр талын харилцааны эрх зүйн үндэс нь агаарын харилцаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, давхар татвараас чөлөөлөх, визгүй зорчих зэрэг чиглэлийн хэлэлцээрүүдээс тогтож байна. Мөн 2025 онд Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийн чиглэл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх гол хөшүүрэг болж байна.