Сингапурын эдийн засгийн 2026 оны төлөв

2026-09-03


Олон улсын валютын сангийн 2026 оны 7 дугаар сарын шинэчилсэн төсөөллөөр дэлхийн эдийн засаг 2026 онд 3.0 хувь, 2027 онд 3.4 хувь өсөх төлөвтэй байна. Дэлхийн өсөлтийг хиймэл оюун ухаан, дата төв, хагас дамжуулагч болон бусад технологийн хөрөнгө оруулалт дэмжиж байгаа ч геополитикийн зөрчил, эрчим хүчний үнийн савлагаа, худалдааны саад нэмэгдэж буй нь эдийн засгийн төлөвт эрсдэл учруулж байна. 

Сингапур бол худалдаа, санхүү, үйлдвэрлэлийн дэлхийн сүлжээнд гүнзгий холбогдсон жижиг, нээлттэй эдийн засаг учраас гадаад орчны өөрчлөлтөд өндөр мэдрэмжтэй. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаантай холбоотой дэлхийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр электроник, нарийн инженерчлэл, бөөний худалдаа, санхүүгийн үйлчилгээний салбаруудын эрэлт хүлээлтээс илүү эрчимтэй өсөж байна.

Эдийн засгийн өсөлт болон ДНБ

Сингапурын эдийн засаг 2024 онд 4.4 хувь, 2025 онд 5.0 хувь өссөн байна. 2025 оны өсөлтийг үйлдвэрлэл, бөөний худалдаа, санхүү ба даатгалын салбар голлон бүрдүүлжээ. Ялангуяа хиймэл оюун ухааны дэд бүтэцтэй холбоотой электрон бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмжийн эрэлт огцом нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжилийг дэмжсэн.

2026 оны эхний хагаст өсөлтийн өндөр хурдац үргэлжилж, бодит ДНБ өмнөх оны мөн үеэс 6.1 хувь өсөв. Нэгдүгээр улиралд өсөлт 6.3 хувь, хоёрдугаар улиралд 5.9 хувь байсан бөгөөд улирлын тохируулгатай үзүүлэлтээр хоёрдугаар улирлын эдийн засаг өмнөх улирлаас 1.4 хувь тэлсэн байна. Үүний үндсэн дээр Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яам 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өмнөх 2.0-4.0 хувиас 4.5-5.5 хувь болгон нэмэгдүүлсэн.