МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ

2022-11-09


МОНГОЛ УЛСЫН ХАРЬЯАТААС ГАРАХ

Монгол Улсын иргэн "Харьяатын тухай хууль"-ийн дагуу Монгол Улсын харьяатаас гарч болно.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа ЭСЯ Монгол Улсын иргэний харьяатаас гарах тухай хүсэлтийг хүлээн авч, холбогдох баримт бичгийн бүрдлийг шалгадаг. Шаардлага хангасан материалыг Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Монгол Улсын харьяатаас гарахдаа Сингапур Улсын эрх бүхий байгууллагаас тухайн улсын харьяатаар хүлээн авах тухай урьдчилсан зөвшөөрлийг авсан байна.

Бүрдүүлэх материал:

1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяатаас гарах болсон шалтгаан, харьяат болохыг хүссэн улс, харьяат болох улсдаа шилжин суурьшсан огноо, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх эсэх талаар тусгана);

-Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа /овог, нэрийг бичнэ/ дараагийн мөрөнд …… оны …… дугаар сарын ……-ны өдөр /оршин сууж байгаа улс, аймаг, сум, дүүрэг/-ийг бичнэ тэрний дараагийн мөрөнд өргөдлийнхөө агуулгыг бичиж хамгийн сүүлд өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичсэнийхээ дараа өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна;

2. Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн);

-Гурван үеийн намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа тодорхой бичиж өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;

-Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргагч овог, нэрээ бичээд миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийнхээ 3-т өөрийнхөө эхнэр/нөхрийн намтрыг бичээд хамгийн сүүлд гурван үеийн намтраа үнэн зөв бичсэн гээд овог, нэрээ бичээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;

3. Мэдүүлгийн хуудас;

4. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;

5. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан лавлагаа;

6. 16 хүртэл насны хүүхдийнхээ иргэний харьяаллыг өөрчлөх бол энэ талаар эцэг эхийн харилцан бичгээр тохиролцсон зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

7. 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;

8. Монгол Улсын иргэний харьяаллаас гарсан тохиолдолд өөрийн харьяаллыг олгохыг зөвшөөрсөн тухайн гадаад улсын эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөл, албан ёсны орчуулгын хамт;

9. Монгол Улсад иргэний өр төлбөр, нэхэмжлэлгүй болох талаар дараах байгууллагуудаас гаргасан тодорхойлолт;

-Шүүх;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага;

-Татварын байгууллага;

-Сургалтын төрийн сан;

10. Гэрэл зураг 2 хувь;

11. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 

/Монгол Улсын Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд улсын тэмдэгтийн хураамж 60000₮ төлнө./

 

 

Анхаарах зүйлс:


  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргасан өргөдөл, гурван үеийн намтар, мэдүүлгийн хуудас нь хоорондоо зөрүүгүй, үнэн зөв, он дарааллын дагуу тодорхой, дэлгэрэнгүй  бичигдсэн байх ёстой.

  • Хүсэлт гаргагч нь өргөдөл, гурван үеийн намтар, анкетаа үнэн зөв мэдүүлж гарын үсгээ зурж баталгаажуулсан байх үүрэгтэй. Эдгээрийг компьютерээр бичсэн тохиолдолд мөн өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.

  • Хуулбар баримт бичгүүдийг нотариатчаар гэрчлүүлэх, гадаад хэл дээрхи баримт бичгүүд албан ёсоор орчуулагдсан байх ёстой.

  • Төрийн албан ёсны хэл монгол хэл дээр өргөдөл, намтар бичигдэж, анкет бөглөгдөж, гадаад хэл дээрхи баримт бичгүүд монгол хэл рүү хөрвүүлэгдсэн байх шаардлага тавигддаг.