images

МОНГОЛ, ФИЛИППИНИЙ ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 50 ЖИЛИЙН ОЙГ МАНИЛА ХОТНОО ТЭМДЭГЛЭВ

МЭДЭЭЛЭЛ

2023-10-04

719

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад хавсран суугаа Элчин сайд С. Энхбаяр 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Манила хотын “Конрад” зочид буудалд хүлээн авалт зохион байгуулав.

Хүлээн авалтад Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А. Манало, Төсвийн удирдлагын яамны дэд сайд Маргуакс Салседо, Сангийн яамны туслах сайд Ниньо Алвина, Зэвсэгт хүчний жанжин штабын Төлөвлөгөө, хөтөлбөр хариуцсан дэд дарга, хошууч генерал Жеффри С Хэчанова зэрэг хүндэт зочид болон Филиппиний төр, засгийн байгууллага, хувийн хэвшил, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид оролцов. Түүнчлэн, Манилад суугаа гадаадын орнуудын Элчин сайд, дипломат ажилтнууд, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөгч, Филиппин Улсад оршин суугаа монгол иргэд зэрэг нийт 100 орчим хүн оролцов.

Элчин сайд С. Энхбаяр хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол, Филиппиний хооронд 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойшх хугацаанд хоёр талын харилцаа тогтвортой хөгжиж ирснийг онцлон дурдаад сүүлийн жилүүдэд хоёр талын хооронд өндөр, дээд түвшний айлчлалууд солилцож, хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр ирэх жилүүдэд хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, иргэд хоорондын солилцоо нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А. Манало хэлсэн үгэндээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг арга хэмжээнд оролцсон нийт зочдод дэвшүүлж, хоёр талын харилцааг идэвхжүүлэх талаар монголын талаас гаргаж буй хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Филиппиний Гадаад хэргийн сайд хэлсэн үгэндээ Филиппин, Монгол хоёр нь ардчиллын нийтлэг үнэт зүйлстэй, дүрэм журманд үндэслэсэн олон улсын дэг журмыг эрхэмлэн дээдэлдэгийн хувьд олон улс, бүс нутгийн тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн тэрээр хоёр талын хамтын ажиллагаа цаашид хоёр орны ард түмний эрх ашигт нийцэн төрөл бүрийн салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Хүндэтгэлийн хүлээн авалтанд Монголын язгуур урлагийн дуучин, хөгжимчид уран бүтээлийнхээ дээжээс танилцуулав. Хүлээн авалтыг зохион байгуулахад Филиппин дахь Монгол Улсын Өргөмжит консул Тони Кохуангко болон тус улсад оршин суугаа монгол иргэд туслалцаа үзүүлсэн болно.