images

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало нар албан ёсны хэлэлцээ хийв.

МЭДЭЭЛЭЛ

2024-08-14

264

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало нар 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Хэлэлцээний эхэнд Б.Батцэцэг сайд хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Филиппин Улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал болж буйг онцолж, Монгол Улс Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэв.

Талууд Монгол, Филиппиний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бататгахын төлөө буйгаа нотолж, хоёр талын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хэлэлцээний үеэр Филиппин Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Үүний хариуд монголын тал талархал илэрхийлж,  цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, тэсвэрлэх чадвартай нийгмийг цогцлооход нягт хамтран ажиллахаар тогтов.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд нар цаашид бүхий л салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн халамж зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгдэв.

Энэ хүрээнд Монголын хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр филиппиний талтай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, түүний дотор нийгмийн асрамж, үйлчилгээний салбарт хамтран ажиллах, Филиппин Улсаас боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллахаар тохирч, ойрын хугацаанд баримт бичгийн төсөл солилцохоор боллоо.

Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тууштай бөгөөд амжилттай хэрэгжүүлж буй Филиппин Улсаас туршлага судалж, хамтран ажиллахаар тогтов.

Түүнчлэн эрүүл мэндийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлж, монгол эмч, мэргэжилтнүүдийг Филиппин Улсад богино, дунд хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад филипинний тал бэлэн буйгаа илэрхийллээ.

Хоёр улсын найрсаг харилцааны гүүр болсон иргэд хоорондын солилцоог бэхжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд иргэд харилцан визгүй зорчих тааламжтай нөхцөлийг улам бүр сайжруулах чиглэлд талууд цаашид ахиц гаргахаар болов.

Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж, Монгол Улс АСЕАН-тай салбарын яриа хэлэлцээний түнш, хөгжлийн түнш, хэтдээ яриа хэлэлцээний түнш болох зорилтын хүрээнд Филиппин Улсаас үргэлжлүүлэн дэмжлэг авах талаар санал солилцлоо.

Хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд нар “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулж, “Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Бүгд Найрамдах Филиппин Улсын Спортын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Энрике А.Манало нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хамтарсан мэдээлэл хийв.

Монгол Улс Бүгд Найрамдах Филиппин Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд талууд өнгөрсөн жил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.