Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын 5 дахь хэлэлцээр байгуулагдав.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар, Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны сайд Грэйс Фү нар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т энэ 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сингапур хотноо гарын үсэг зурлаа. Уг хэлэлцээрт монголын талаас Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсын Шадар сайд бөгөөд Худалдаа, үйлдвэрийн сайд Ган Ким Ён нар мөн урьдчилан гарын үсэг зурсан болно. Гарын үсэг зурах ёслолд монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр, БОУАӨ-ийн сайдын зөвлөх Д.Одхүү, тус ЭСЯ-ны зөвлөх М.Билгүүндэмбэрэл, БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ГХАХ-ийн ахлах шинжээч А.Нарангаравуу, сингапурын талаас Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Вон Кай Жиун, Худалдаа, аж үйлдвэрийн яамны Ногоон эдийн засаг ба тогтвортой хөгжлийн Олон улсын худалдааны хэлтсийн захирал, Нүүрстөрөгч бууралтын хэлтсийн захирал Фам Ви Вэй, Үндэсний Байгаль орчны агентлагийн Нүүрстөрөгчийн төлөвлөлтийн хэлтсийн захирал Сим Ви-Мин, Тогтвортой хөгжил ба Байгаль орчны яамны Эрчим хүч, уур амьсгалын бодлогын асуудал эрхэлсэн дэд захирал Уильям Лиу, Гадаад хэргийн яамны Зүүн Хойд Азийн газрын дэд захирал Абигейл Хо, Ерөнхий сайдын ажлын албаны Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан ажлын албаны Ахлах менежер Мок И Жүн нар оролцов.
Энэ онд Монгол-Сингапурын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа энэхүү цаг үед уг хэлэлцээр байгуулагдсанаараа чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа болон хамтын ажиллагааг газарзүйн хязгаарлалтыг даван шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна.
Ялангуяа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тогтвортой хөгжлийг дэмжих, ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх чухал алхам болж байна.