ЭЛЧИН САЙД Г.УЯНГА MEINHARDT GROUP КОМПАНИЙН ГРУППИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Г.Уянга 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Meinhardt Group компанийн Группийн гүйцэтгэх захирал Омар Шахзадтай уулзав. Уулзалтын эхэнд ноён Омар Шахзад Группийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар товч танилцуулав. Талууд дэд бүтэц, хот байгуулалт, цахим хөгжил болон бусад салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов.
Талууд өгөгдлийн төв, хиймэл оюун ухааны дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, газрын тосны салбарын логистик зэрэг чиглэлээр Монголын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг хэлэлцэв. Түүнчлэн Монгол, Сингапурын бизнесийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд ажил хэрэгч холбоо тогтоох, боломжит түншүүдийг харилцан холбох, хамтарсан төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.
Ноён Омар Шахзад Монголын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч, Meinhardt Group-ийн үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл болон олон улсын туршлагатай танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.