ЭЛЧИН САЙД С.ЭНХБАЯР БРУНЕЙ ДАРУССАЛАМ УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ СУЛТАН ХАЖИ ХАССАНАЛ БОЛКИАХ-Д ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ
Монгол Улсаас Бруней Дарусаллам Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр 2023 оны 8 дугаар сарын 19-ны өдөр Бруней Дарусаллам Улсын Цог жавхлант Султан Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулахибни Аль-Мархум Султан Хажи Омар 'Али Сайфуддиен Саадул Хайри Ваддиен-т Итгэмжлэх жуух бичгээ Бандар Сери Бегаван хот дахь Цог жавхлант Султаны “Истана Нурул Иман” ордонд өргөн барив.
Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Цог жавхлант Султанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол-Брунейн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.
Бруней Дарусаллам Улсын Цог жавхлант Султан Хассанал Болкиах Муиззаддин Ваддаулахибни Аль-Мархум Султан Хажи Омар 'Али Сайфуддиен Саадул Хайри Ваддиен Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлээд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа бэхжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, Элчин сайд С.Энхбаярт ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.