Худалдаа, Эдийн засгийн харилцаа

2026-05-08


Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 56 жилийн хугацаанд хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа эрчимтэй хөгжиж ирсэн.

Тодруулбал, 2021 оны 3 дугаар улирлаас эхлэн Сингапурын Монгол Улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын үлдэгдэл багаггүй өссөн байна. Тухайлбал, 2021 оны 3 дугаар улиралд нийт үлдэгдэл 1.8 тэрбум ам.доллар байсан бол 2022 оны 4 дүгээр улиралд 2.197 тэрбум ам.долларт хүрч, нэг жилийн дотор ойролцоогоор 395.5 сая ам.доллараар буюу 22 орчим хувиар өссөн нь хөрөнгө оруулалт бодитоор нэмэгдсэнийг нотолж байна. Энэхүү өсөлт 2023 оны 4 дүгээр улиралд үргэлжилж, нийт үлдэгдэл 2.5 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ нь 2022 оны түвшнээс дахин 14 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Улмаар 2024 оны 4 дүгээр улиралд 2.956 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 449 сая ам.доллараар өссөнөөр сүүлийн жилүүдийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Харин 2025 оны 3 дугаар улиралд 2.955 тэрбум ам.доллар болж, өмнөх улирлын дүнтэй харьцуулахад бараг өөрчлөлтгүй, тогтвортой хадгалагдсан байна.

Түүнчлэн хоёр улсын нийт бараа эргэлт 2025 онд 54.4 сая ам.долларт хүрсэн бөгөөд 2024 оны 51.83 сая ам.доллар, 2023 оны 44.36 сая ам.доллартай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь сүүлийн жилүүдэд хоёр талын худалдааны харилцаа аажмаар сэргэж, тогтвортой нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна.

Тус ЭСЯ-ны тухайд хоёр талын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж ирсэн бөгөөд улмаар хоёр орны бизнес эрхлэгчид, холбоодтой хамтран Улаанбаатар болон Сингапур хотноо бизнес форумыг уламжлал болгон зохион байгуулж хэвшив. Тухайлбал, “Mongolia’s Capital Market Connectivity: Singapore”, “Mongolian Investment Forum: Singapore” зэрэг хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг Сингапурт сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж эхэлсэн. Мөн Сингапурын Бизнесийн Холбоо 2024 оноос эхлэн Сингапурын бизнесийн төлөөллийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад зочлуулан хөрөнгө оруулалтын форумыг жил бүр зохион байгуулж эхлээд байна. Харин манай бизнесийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр Сингапурт болдог SWITCH, Singapore Fintech Festival зэрэг олон улсын арга хэмжээнүүдэд жил бүр тогтмол оролцож байна.

Эдгээр форумуудын хүрээнд бодит үр дүнгүүд гарч хоёр талын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаануудыг эхлүүлсэн бол тус онд Үндэсний статистикийн хорооны Монгол Улсад орсон гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг хөрөнгө оруулагч улсаар эрэмбэлсэн статистик үзүүлэлтээр Бүгд Найрамдах Сингапур Улс 2023 оноос тогтмол эхний гуравт эрэмбэлэгдэж ирсэн байна.