Сингапурын эдийн засгийн 2023 оны төлөв

2023-05-18


Дэлхийн эдийн засаг 2023 онд 1.7 хувиар, 2024 онд 2.7 хувиар тус тус өсөх төлөвтэй байна. Хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт 2022 онд 2.5 хувьтай байсан бол 2023 онд 0.5 хувь болж удаашрах төлөвтэй байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд энэ хэмжээний удаашрал дэлхийн эдийн засагт үүсэх нь хямралыг зөгнөсөн дохио болж ирсэн. Түүнчлэн Сингапурын эдийн засгийн голлох түншүүдийн нэг АНУ-ын эдийн засгийн өсөлт 2023 онд 0.5 хувь болон буурч, өмнөх таамаглалаас 1.9 пунктээр буурч, 1970 оноос хойших албан ёсны хямралаас гадна хамгийн сул үзүүлэлт болох төлөвтэй байна.

БНХАУ-ын “Тэг ковид”-ын хатуу бодлого өндөрлөсөн, цар тахлын шинэ давлагаанд БНХАУ-ын эдийн засаг хэр тэсвэртэй байхаас Сингапурын 2023 оны эхний хагасын өсөлт шууд хамааралтай байна. Хэрэв ирэх цар тахлын давлагаануудыг БНХАУ хурдан хугацаанд амжилттай даван гарч чадвал БНХАУ-аас Сингапурыг чиглэсэн жуулчид, худалдаа, хөрөнгө оруулалтын урсгал огцом өсөх төлөвтэй байна.

Эдийн засгийн өсөлт болон ДНБ

Сингапурын эдийн засаг 2021 онд 7.6 хувийн өсөлттэй байсан бол өнгөрөгч 2022 онд эдийн засгийн өсөлт саармагжин 3.8 хувьтай байлаа. Дотоодын эдийн засгийн өсөлтийн удаашрал энэ онд ч хадгалагдах төлөвтэй таамаглалыг Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас гаргасан. 2023 онд Сингапурын эдийн засаг 0.5-2.5 хувиар өснө гэсэн тооцооллыг Сингапурын Худалдаа, аж үйлдвэрийн яамнаас мэдээлсэн бол Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв 2022” тайланд Сингапурын эдийн засаг 2023 онд 2.3 хувиар өснө хэмээн тооцоолсон байсан. Сингапурын ДНБ 2022 оны жилийн эцсийн байдлаар 423.63 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 26 гаруй тэрбум ам.доллараар өссөн байна. Эдийн засгийн өсөлтийг салбараар авч үзвэл үйлчилгээ, бөөний худалдаа, барилга, санхүү болон зочлох үйлчилгээний салбар өсөлтөд гол хувь нэмэр оруулсан байна. Харин үйлдвэрлэлийн салбар 2021 онд 13.2 хувь өсөөд байсан бол өнгөрөгч 2022 онд Орос-Украины зэвсэгт мөргөлдөөн, Ковид-19,  дэлхийн нийтийн инфляцын өсөлт, Олон улсын мөнгөний хатуу бодлого зэргээс улбаалан 2.6 хувийн өсөлт үзүүлсэн нь салбарын хямралын дохио болж байна.