Сингапурын эдийн засаг 2030

2023-05-18


Сингапурын засгийн газар эдийн засгаа сэргээх, тогтвортой хөгжлийг хангах үүднээс “Сингапурын эдийн засаг 2030” бодлогын хүрээнд үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

“Сингапурын эдийн засаг 2030” нь Сингапурын эдийн засгаа тогтвортой хөгжүүлэх урт хугацааны дөрвөн тулгуурт бодлого юм. Бодлогын хүрээнд 1) Үйлчилгээ 2) Үйлдвэрлэл 3) Худалдаа 4) Аж ахуйн нэгж зэрэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Үйлчилгээ 2030

Сингапурын эдийн засгийн 70-аас илүү хувийг санхүү, даатгал, мэдээллийн технологи, харилцаа холбоо, мэргэжлийн үйлчилгээ болон тээвэр гэх зэрэг салбаруудыг нэгтгэсэн үйлчилгээний салбар эзэлдэг. Үйлчилгээний салбар бодлогын түвшинд үндсэн хоёр чиглэлийг хөгжүүлэх, ашиглах зорилттой.

1) Цахим эдийн засгийг тэлэх бодлогын хүрээнд Сингапурын засгийн газар 1) Дижитал дэд бүтэц болон инновацад хөрөнгө оруулалт хийх 2) Дижитал талбарт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх 3) Дижитал шилжилтээр дамжуулан хувийн салбарын бизнес моделийг шинэчлэх, олон улсад нэвтрэх болон бүтээмжийг өсгөх 4) Дотоодын технологийн мэргэжилтнүүдийн тоо болон судалгааны чадамжийг өсгөх чиглэлийн дагуу ажиллаж байна.

Зүүн Өмнөд Азийн орнуудын интернэтэд суурилсан эдийн засаг 2025 он гэхэд 3 дахин өсөж жилд 300 тэр бум ам.доллар болох төлөвтэй байна.

Цахим шилжилтийг төр хувийн хэвшил хамтаар хийж цахим эдийн засгийг тэлэх, шинэ боломжуудыг үүсгэх зорилготойгоор Дижитал удирдагч программ, Дижитал ЖДҮ-рүү, Үйлчилгээгээр СТО, Дижиталаар хөгж, Бүтээмжийн шийдлийн тэтгэлэг зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

2) Ногоон эдийн засгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд Сингапурын засгийн газар 1) Аж үйлдвэр болон эрчим хүчний салбарын нүүрс хүчлийн хийн ялгарлыг багасгах 2) Ногоон санхүүжилт, нүүрс хүчлийн хийн үйлчилгээ болон худалдаа, ус төрөгч, тогтвортой аялал жуулчлал зэрэг ногоон хөгжлийн боломжуудыг ашиглах 3) Ногоон технологи болон дадлын давуу талыг ажиллах хүчиндээ нэвтрүүлэх зэрэг чиглэлийн дагуу ажиллаж байна.

Ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр “Аж ахуйн нэгжийн тогтвортой байдлын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд ногоон санхүү, нүүрс хүчлийн хийн үйлчилгээ зэрэг салбар шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх бол тогтвортой ногоон бүтээгдэхүүнийг зах зээлд түүчээлэн нэвтрүүлснээр аж ахуйн нэгжүүд дэлхийн зах зээлд байр сууриа олох юм.

Үйлдвэрлэл 2030

2021 онд огцом өсөлт үзүүлж 13.2 хувиар өссөн үйлдвэрлэлийн салбар 8.5 тэр бум ам.долларын хөрөнгө оруулалт татаж 6000 гаруй ажлын байрыг бий болгож байсан бол өнгөрөгч 2022 онд дөнгөж 2.6 хувийн өсөлт үзүүлсэн нь тус салбарыг хямралд орсныг илтгэж байна. “Үйлдвэрлэл 2030” нь Сингапурыг дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийн инновацын болон ажиллах хүчний төв болгох зорилготой бодлого юм. 2021 оноос хэрэгжиж эхэлсэн тус хөтөлбөр нь ирэх 10 жилд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг 50 хувиар өсгөх зорилготой.

“M2030 карьер” нь үйлдвэрлэлийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд хэрэгжиж буй томоохон хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд дотоодоосоо ажиллах хүчийг татах, ажилд авах, ажлын байранд нь хадгалах зэрэгт дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүд багтана. Эдгээр арга хэмжээ нь 1) “Үйлдвэрлэл эрхлэгчийн гарын авлага” – Ажил олгогчдод зориулсан хүний нөөцийн сайн туршлага, нөөц зэргийг агуулсан ажилтны карьер хөгжлийг тодорхой ойлгомжтой болгох зорилготой гарын авлага 2) “Нэмүү чанар бүхий дадлага” – Оюутнуудыг хамаарал бүхий худалдааны ассоциаци болон танхимуудад дадлагаар ажиллах боломжийг бүрдүүлдэг 3) “Техникч болон туслах инженерийн түргэвчилсэн тэтгэлэгт хөтөлбөр” – Сонгогдсон үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг чадавхжуулах, мэргэшүүлэх тэтгэлэгт хөтөлбөр зэргээс тогтдог.

Сингапурын үйлдвэрлэлийн салбар нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээр гуравдугаарт, химийн үйлдвэрлэл төвлөрлөөр эхний аравт, боловсруулах үйлдвэрлэлээр эхний тавд, эмийн үйлдвэрлэлийн орлогоор дөрөвдүгээрт тус тус дэлхийд эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн Сингапур нь Дэлхийн бичил массивийн 60 хувийг үйлдвэрлэж мөн хагас дамжуулагчийн дэлхийн зах зээлийн 11 хувийг эзэлж байна. 

Аж ахуйн нэгж 2030

“Аж ахуйн нэгж 2030” нь дэлхийн зах зээлд өрсөлдөх шинэ үеийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого юм. Тус бодлогын хүрээнд Сингапур улсын засгийн газар 1) Дэлхийд өрсөлдөх дотоодын ажиллах хүчийг бэлтгэх 2) Санхүүжилтийн хүртээмж, сувгийг нэмэгдүүлэх 3) Аж ахуйн нэгж худалдан авах, нэгдэх боломжуудыг нээх замаар бизнесүүдийг тэлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Дотоодын ЖДҮ-ийн 1) Чадавхыг хөгжүүлэх 2) Олон улсад гаргах 3) Дижитал шилжилт 4) Инновацыг бодлогоор дэмжин ажиллаж байна. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгжүүл нийт ажлын байрны 70 орчим хувийг бүрдүүлж байна.

Худалдаа 2030

“Худалдаа 2030” нь Сингапурын худалдааг тэлэх болон нэр төрлийг олшруулах бодлого юм. 2020 онд ойролцоогоор 1 триллион ам.доллароор хэмжигдэж буй оффшор худалдааг 2030 он гэхэд 2 дахин өсгөж 2 триллион ам.доллар болгох зорилттой.

Олон улсын худалдааг тэлэх бодлогын хүрээнд Сингапурын засгийн газар 1) Олон улсын худалдааны талбарт нөлөө бүхий, инновац өндөртэй Сингапурын үндэсний аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжих 2) Олон улсын худалдаа эрхлэгчдийн Сингапурт бизнес эрхлэх нөхцөлийг дэмжих улмаар олон улсын худалдаа эрхлэгчид дотоодын худалдаачдыг олон улсад гарах гүүр болох 3) Ажлын шилжилтийн зураглал, Бөөний худалдаа эрхлэгчдийн карьерын өсөлтийн программ зэрэг хөтөлбөрүүдээр дамжуулан орчин цагийн олон улсын худалдааны салбарын ажиллах хүчийг чадавхжуулж байна.

Сингапур дэлхийн худалдааны шилдэг гурван төвийн нэг бөгөөд олон улсын таваарын зах зээлийн томоохон тоглогчдын 80 хувь нь Сингапуртай худалдаа хийдэг.

Сингапур Улс нь нийт 27 чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан бөгөөд Сингапуртай чөлөөт худалдааны хэлэлцээртэй улс орнууд дэлхийн нийт ДНБ-ны 86 хувийг эзэлдэг.