ИРГЭД/КОНСУЛЫН ХАРИЛЦАА

2026-09-14


МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Иргэдийн зорчилт,
консулын мэдээлэл

Монгол Улсын иргэд Сингапур Улсад зорчих, түр болон урт хугацаагаар оршин суух, суралцах, ажиллах, мөн яаралтай нөхцөлд консулын тусламж авахад шаардлагатай үндсэн мэдээлэл.

Шинэчилсэн хувилбар • 2026.09.04

Танд хэрэгтэй мэдээллийг нэг дороос

Аяллын өмнөх бэлтгэл, хилээр нэвтрэх шаардлага, SG Arrival Card, ажиллах ба суралцах зөвшөөрөл, гааль, яаралтай тусламж, паспорт болон бусад консулын үйлчилгээний мэдээллийг доорх хэсгүүдээс үзнэ үү.

01

Товч мэдээлэл

Монгол → Сингапур

30 хүртэл хоног визгүй

Монгол Улсын иргэн аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Нэвтрэх үед олгогдох e-Pass/Visit Pass дээрх зөвшөөрөгдсөн хугацааг заавал шалгана. Ажиллах, суралцах, удаан хугацаагаар оршин суух бол зорилгод тохирсон виз, зөвшөөрлийг урьдчилан авна.

Сингапур → Монгол

30 хүртэл хоног визгүй

Сингапурын иргэн аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Ажиллах, суралцах, удаан хугацаагаар оршин суух бол зорилгод тохирсон виз, зөвшөөрлийг урьдчилан авна.

02

Сингапур Улсад зорчих Монгол Улсын иргэдэд

1.1. Аяллын өмнө

01
Паспорт
Сингапурт нэвтрэх үед гадаад паспорт дор хаяж 6 сарын хүчинтэй хугацаатай байх шаардлагатай.
02
Виз
Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч богино хугацааны аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Визгүй зорчих нөхцөл нь ажиллах, удаан хугацаагаар суралцах, эсхүл оршин суух эрхийг үүсгэхгүй.
03
SG Arrival Card
Сингапурт буухаас 3 хоногийн өмнө SG Arrival Card (SGAC)-ыг цахимаар бөглөнө. SGAC нь виз биш бөгөөд албан ёсны ICA сувгаар үнэ төлбөргүй бөглөгдөнө.
04
Хилээр нэвтрэхэд бэлдэх баримт
Албан ёсны зорчих тийз, дамжин өнгөрч байгаа бол дараагийн аялах улсын виз эсхүл нэвтрэх эрх, аяллын хугацаанд хүрэлцэх санхүүгийн боломжийг нотлох баримт шаардаж болно.

1.2. Сингапурт нэвтэрсний дараа

Гадаадын зорчигчид нэвтрэх шалгалт дууссаны дараа e-Pass-аа цахим шуудангаар хүлээн авдаг. e-Pass дээр зөвшөөрөгдсөн аялалын хугацааны сүүлийн өдрийг шалгаж, хугацаа хэтрүүлэхгүй байхад анхаарна уу. Хугацаа сунгах хүсэлт нь ICA-ийн зөвшөөрлөөр шийдвэрлэгдэнэ.

1.3. Ажиллах, суралцах

Short-Term Visit Pass-аар Сингапурт бизнесийн, мэргэжлийн болон цалинтай ажил эрхлэхийг зөвшөөрдөггүй. Ажиллах бол тохирох Work Pass, бүтэн цагийн сургалтад хамрагдах бол Student’s Pass шаардлагатай. Зарим богино хугацааны тусгай үйл ажиллагаанд Work Pass-аас чөлөөлөгдөх нөхцөл байж болох тул Singapore Ministry of Manpower (MOM)-ийн шаардлагыг тухайн үйл ажиллагааны өмнө шалгана уу.

1.4. Гааль, мөнгө, авч явахыг хориглосон зүйлс

Хориотой, хяналттай болон татвар ногдох барааны шаардлагыг аяллын өмнө Singapore Customs-ийн албан ёсны сайтаас шалгана уу.
S$20,000-аас дээш (эсхүл түүнтэй тэнцэх гадаад валютын) бэлэн мөнгө болон bearer negotiable instruments авч орж/гарч байгаа бол цахимаар урьдчилан мэдүүлнэ үү.
Эргэлзээтэй бараатай бол Green Channel-аар шууд гарахгүй, Red Channel-аар мэдүүлж гаалийн ажилтнаас зөвлөгөө авна уу.
!
Цахилгаан тамхи (e-vaporiser/vape) болон түүний хэсгүүд зэрэг бүтээгдэхүүнийг Сингапурт авч орох нь хууль бус бөгөөд маш хатуу хуулийн дагуу шийтгэл оногдуулдаг.

1.5. Эрүүл мэнд ба аяллын даатгал

Шар чичрэгийн эрсдэлтэй улсад сүүлийн 6 хоногт зорчсон, эсхүл тэдгээр улсын нисэх буудалд 12 цагаас дээш хугацаагаар дамжин өнгөрсөн бол Танаас шар чичрэгийн вакцины хүчинтэй хугацаатай гэрчилгээ шаардагдаж болно. Аяллын хугацаанд эмчилгээ, осол, нислэгийн өөрчлөлт зэрэг эрсдэлийг хамарсан аяллын даатгалд хамрагдсан байхыг зөвлөж байна.

АНХААРАХ НЬ

Аяллын зорилгоор 30 хүртэл хоног Та визгүй зорчих боломжтой хэдий ч энэ нь хилээр нэвтрэх баталгаа биш юм. Эцсийн шийдвэрийг Сингапурын Цагаачлал, хилийн шалган нэвтрүүлэх алба гаргана.

03

Сингапурт байгаа Монгол Улсын иргэдэд үзүүлэх консулын үйлчилгээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам нь Монгол Улсын иргэдэд дараах үндсэн консулын үйлчилгээг үзүүлдэг. Үйлчилгээ тус бүрийн бүрдүүлэх материал, төлбөр, хүлээн авах хэлбэрийг ЭСЯ-ны цахим хуудсан дахь “Консулын үйлчилгээ” хэсгээс урьдчилан шалгана.

Гадаад паспорт
Шинээр захиалах
Буцах үнэмлэх
Түр аяллын баримт бичиг авах
Итгэмжлэл
Үйлдэх, баталгаажуулах
Баримт бичиг
Хуулбар, гарын үсэг болон орчуулга баталгаажуулах
Иргэний бүртгэл
Төрөлт, гэрлэлт, нас баралт
Шинэчилсэн бүртгэл
Иргэний шинэчилсэн бүртгэл
Харьяалал
Монгол Улсын харьяаллын асуудал
Виз
Монгол Улсын визийн талаарх мэдээлэл

Паспорт үрэгдсэн, гэмтсэн тохиолдолд

Паспорт үрэгдсэн бол орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, баримт/тодорхойлолт авсны дараа ЭСЯ-тай нэн даруй холбоо барина. Шинэ паспорт хүлээх боломжгүй, Монгол Улсад яаралтай буцах шаардлагатай онцгой тохиолдолд буцах үнэмлэх хүсэх эрхтэй.

04

Яаралтай тусламж

Сингапур • Цагдаа 999
Сингапур • Гал түймэр / аврах 995
Сингапур • Түргэн тусламж 995
Сингапур • Цагдаагийн SMS 70999
Монгол • Цагдаа 102
Монгол • Гал түймэр / аврах 101
Монгол • Түргэн тусламж 103

Паспорт алдагдах, баривчлагдах, эмнэлэгт хүргэгдэх, осол гэмтэл, нас баралт, гамшиг болон бусад ноцтой нөхцөл үүсвэл орон нутгийн яаралтай тусламжийн байгууллагад эхэлж хандах, дараа нь ЭСЯ-тай холбоо барина уу.

05

Монгол Улсад зорчих Сингапур Улсын иргэдэд

01
Виз
Сингапурын паспорт эзэмшигч Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих боломжтой. Ажиллах, суралцах, удаан хугацаагаар оршин суух зэрэг зорилгоор тухайн ангиллын виз, зөвшөөрлийг урьдчилан шалгана.
02
48 цагийн бүртгэл
Монгол Улсад гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн гадаадын иргэнийг 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газрын системд бүртгүүлэх үүрэгтэй.
03
Гааль, мөнгө
Монгол Улсын хилээр 15 сая төгрөгөөс дээш, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют бэлнээр авч нэвтрэх/гарах тохиолдолд гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.
04
Аюулгүй байдал
Аяллын чиглэл, байрлах газрын мэдээллээ ойр дотнын хүндээ үлдээх, хөдөө орон нутагт холбооны сүлжээ хязгаарлагдаж болохыг тооцох, аяллын даатгалтай байхыг зөвлөж байна.
06

Элчин сайдын яамтай холбоо барих

Утас
+65 6348 0745
Хаяг
600 North Bridge Road, #24-08 Parkview Square, Singapore 188778
Ажлын цаг
Даваа–Баасан
08:30–17:30

Консулын үйлчилгээ авахын өмнө тухайн үйлчилгээний шаардлага, цагийн зохицуулалтыг ЭСЯ-ны цахим хуудсаар шалгахыг зөвлөж байна.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам
Иргэд / Консулын харилцаа • 2026