БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН КОНТЕНТИЙН АЗИ ТИВИЙН ФЕСТИВАЛЬ 2026”-Д МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сингапурын төв номын сангийн байранд зохион байгуулагдсан “Хүүхдэд зориулсан Контентийн Ази тивийн Фестиваль 2026” /Asian Childrens Content Festival 2026/-ийн хүрээнд “Далайн эргийн охин/ The Daughter of Khuvsgul Lake” монгол номын нээлтийн арга хэмжээнд оролцов.
Энэхүү фестивальд Монгол Улсаас Азийн сангийн хэрэгжүүлж буй “Let’s Read Mongolia” төслийн удирдагч, төлөөлөгчид оролцсон бөгөөд уг төсөл нь Лоринет Сан-ийн дэмжлэгтэйгээр 2021 оноос хэрэгжиж, Монголын хүүхдийн номын салбарын хөгжил, зохиолч, зураач, хэвлэн нийтлэгчдийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэн ажиллаж байгаа аж.
Фестивалийн үеэр Элчин сайд Г.Уянга монгол номын үзэсгэлэнгийн хэсгээр зочилж, төслийн төлөөлөгчид, зохиолч, уран бүтээлчидтэй уулзав. Мөн монголын хүүхдийн ном, уран зохиолыг олон улсын түвшинд сурталчлан таниулж буй үйл ажиллагаанд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсэв.
Түүнчлэн Элчин сайд Г.Уянга 2026 оны 5 дугаар сарын 23-ны Бямба гарагт фестивальд оролцогчид болон төслийн багийн төлөөлөгчдийг Элчин сайдын яамандаа хүлээн авч уулзан, Монголын хүүхдийн зохиол бүтээл олон улсын уншигчдад хүрч буй нь соёлын харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг онцлов.