images

МОНГОЛ УЛСААС СИНГАПУР УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙД СИНГАПУРЫН ТЭЭВРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-08-13

8

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Сингапурын Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Лау Пийт Мэнгтэй уулзав.

Уулзалтаар Монгол, Сингапурын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэний нисэх, авто зам, далайн болон усан замын тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжилтнүүдийг сургалт, дадлагын хөтөлбөрт хамруулах боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Г.Уянга Улаанбаатар–Сингапур–Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийг тогтвортой сэргээн хөгжүүлэх, Чанги нисэх буудлыг Монгол Улс болон Австрали Улсыг холбох дамжин өнгөрөх зангилаа болгон ашиглах боломжийг судлах санал дэвшүүлэв.

Талууд мөн Монгол Улсын далайд гарцгүй газарзүйн онцлогоос үүдэлтэй тээвэр, логистикийн сорилт, дамжин өнгөрөх тээврийн шинэ маршрут болон хоёр улсын аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Лау Пийт Мэнг тээврийн салбарт туршлага солилцох, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Монголын талтай хамтран ажиллаж, холбогдох дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.