images

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТИЙН АСУУДЛААРХ АСЕАН-Ы СТРАТЕГИЙН БОДЛОГЫН XI ЯРИА ХЭЛЭЛЦЭЭНД ОРОЛЦОВ

МЭДЭЭЛЭЛ

2026-08-20

7

Гамшгийн менежментийн асуудлаарх АСЕАН-ы стратегийн бодлогын XI яриа хэлэлцээ (SPDDM 2026) 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сингапур Улсад “Нэг АСЕАН–Нэгдсэн хариу арга хэмжээний 10 жил: Гамшигт хамтын хүчээр хариу үзүүлэх АСЕАН-ы тогтолцоог шинэчлэн тодорхойлох нь” сэдвийн дор зохион байгуулагдав. Тус арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга оролцов.

Сингапурын Иргэний хамгаалалтын хүчин, АСЕАН-ы Нарийн бичгийн дарга нарын газар болон Гамшгийн менежментийн хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах АСЕАН-ы төвөөс хамтран зохион байгуулсан яриа хэлэлцээнд АСЕАН-ы гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллага, хүмүүнлэгийн болон иргэний нийгмийн байгууллага, эрдэм шинжилгээ, хувийн хэвшлийн төлөөлөл цуглан “Нэг АСЕАН–Нэгдсэн хариу арга хэмжээ” тунхаглалын 10 жилийн хэрэгжилт, бүс нутгийн гамшгийн хариу арга хэмжээ, хүмүүнлэгийн тусламж, логистикийн тогтолцооны ахиц дэвшлийг дүгнэж, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, бодит цагийн мэдээллийг гамшгийг урьдчилан таамаглах, эрт сэрэмжлүүлэхэд ашиглах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн гамшгийн дараах хариу арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад чиглэсэн тогтолцоонд шилжих шаардлагыг онцлов.

Арга хэмжээний үеэр Элчин сайд Г.Уянга Индонезийн Гамшгийн удирдлагын үндэсний газрын Систем, стратегийн асуудал хариуцсан дэд сайд, АСЕАН-ы Гамшгийн удирдлагын хорооны 2026 оны дарга доктор Радитья Жатитай уулзаж, Индонез Улсад саяхан тохиолдсон байгалийн гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж, хохирол учирсанд Монголын ард түмэн, Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлэв. Талууд гамшгийн эрсдэлийг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцов.