images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА СИНГАПУРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ОНГ Е КУНТАЙ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-09-01

11

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сингапурын Эрүүл мэндийн сайд Онг Е Кунтай уулзаж, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Г.Уянга Темасек сангийн дэмжлэгээр Монголын сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг Сингапурт сургалтад хамруулсан нь үр өгөөжтэй болсныг тэмдэглэн, талархал илэрхийлэв. Тэрээр энэхүү туршлагад тулгуурлан нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний хяналт, сэргийлэлт болон эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Сайд Онг Е Кун Сингапур Улс Халдварт өвчний агентлагийг (Communicable Diseases Agency — CDA) шинээр байгуулсан талаар танилцуулж, эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, туршлага солилцох боломжийг судалж үзэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Талууд мөн COVID-19 цар тахлын үеийн сургамж болон ирээдүйд үүсэж болзошгүй эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалд бэлтгэлтэй байх шаардлагын талаар ярилцав.

Уулзалтын үеэр хоёр улсын иргэдийн харилцаа, шууд нислэг, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцож, Элчин сайд Г.Уянга Сайд Онг Е Куныг Монгол Улсад зочлохыг урив.