ЭЛЧИН САЙД Г.УЯНГА СИНГАПУРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сингапурын хамтын ажиллагааны байгууллага (Singapore Cooperation Enterprise–SCE)-ын Гүйцэтгэх захирал Конг Вай Мүн болон Зүүн хойд Ази хариуцсан дэд захирал Лим Чи Киа нартай уулзав.
Уулзалтаар Монгол Улс, Сингапурын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгууллага хооронд хамтран хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээний талаар санал солилцов.
Талууд нийгмийн хамгаалал, хуримтлалын тогтолцоо, баялгийн сангийн удирдлага, цахим засаглал, кибер аюулгүй байдал, нүүрстөрөгчийн зах зээл, сэргээгдэх эрчим хүч, дата төв, шатахууны нийлүүлэлт болон ховор, газрын ховор элементийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.
SCE-ийн зүгээс Монгол Улсын цахим системийн кибер аюулгүй байдалд үнэлгээ хийх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, мөн нүүрстөрөгчийн кредитийн тогтолцооны чиглэлээр төр, хувийн хэвшлийн төлөөлөлд зориулсан сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлэв.
Талууд айлчлалын үеэр холбогдох албан тушаалтнуудын уулзалтыг зохион байгуулах боломжийг үргэлжлүүлэн судалж, бодит төсөл, бизнесийн хамтын ажиллагааг дэмжихээр тохиролцов.