images

МОНГОЛ, СИНГАПУРЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН III ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

NEWS

2026-09-23

6

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн яам хоорондын lll зөвлөлдөх уулзалт Сингапур хотноо 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, сингапурын талаас Гадаад хэргийн яамны Байнгын орлогч нарийн бичгийн дарга Кевин Чок нар тэргүүлэв.

Уулзалтаар талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, түүнчлэн ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ болон хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, талууд улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, Сингапур Улсын хөгжлийн сайн туршлагаас нутагшуулж ирсэн туршлагаа улам бүр өргөжүүлэхээр ярилцлаа. Сингапурын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын 2000 орчим төрийн албан хаагчийг сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрт хамруулж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн хоёр улсын Гадаад хэргийн яам хоорондын солилцоог нэмэгдүүлэх, хоёр тал бага болон дунд шатны дипломатуудыг харилцан туршлага судлуулах, манай талаас мөн хоёр улсын Дипломат академиудын хооронд холбоо тогтоож ажиллах талаар ярилцав.

Талууд нүүрстөрөгчийн зах зээлийн хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр энэ оны 8 дугаар сард хүчин төгөлдөр болсныг онцолж, уг хэлэлцээрийн хүрээнд хоёр улс хоорондын нүүрстөрөгчийн зах зээл, ногоон санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, ногоон эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх өргөн боломж бүрдсэнийг тэмдэглэв.

Түүнчлэн, хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид ч геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэй сорилтыг хамтран даван туулах, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх эрмэлзлээ харилцан нотоллоо.