БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.САНДАГ-ОЧИР БҮГД НАЙРАМДАХ СИНГАПУР УЛСЫН ШАДАР САЙД, ЭРЧИМ ХҮЧ, ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД ГАН КИМ ЁНТОЙ УУЛЗАВ
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Сандаг-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Сингапур хотноо Бүгд Найрамдах Сингапур Улсын Шадар сайд, Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн сайд Ган Ким Ёнтой уулзаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт болон ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын үеэр талууд Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн хүрээнд байгуулсан нүүрстөрөгчийн кредитийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох асуудалд онцгой анхаарал хандуулав. Энэ хүрээнд төслийн хүсэлт хүлээн авах үйл явц, холбогдох зохицуулалт, журмын бэлтгэл болон хамтарсан ажлын түвшний хэлэлцүүлгийн талаар ярилцав.
Сайд Б.Сандаг-Очир энэхүү хамтын ажиллагаа нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжих боломж бүрдүүлж байгааг тэмдэглэж, шинэ салбарын хэрэгжилтийг хангахад мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, туршлага солилцох шаардлагатайг онцлов.
Шадар сайд Ган Ким Ён Сингапурын компаниуд Монгол Улсад нүүрстөрөгч багатай шийдэл, төсөлд хөрөнгө оруулах боломжийг сонирхож байгааг илэрхийлэв. Тэрээр ийм төслүүд нь ажлын байр бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ нүүрстөрөгчийн кредитийг олон улсын зах зээлд арилжаалах боломжтойг тэмдэглэж, Сингапурын ногоон санхүүжилтийн чадавхыг ашиглах талаар санал солилцов.
Монголын тал эдийн засгаа төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын хүрээнд инновац, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон дэд бүтцийн салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц, боломжид тулгуурлан ногоон дата төв хөгжүүлэх, Сингапурын хөрөнгө оруулагчидтай холбогдох боломжийг хэлэлцэв.
Сингапурын тал хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохдоо хоёр улсын давуу тал, харилцан бие биеэ нөхөх боломжийг харгалзан үзэхийн чухлыг онцлов. Мөн хүний нөөцийн сургалт, мэргэжил дээшлүүлэх болон төслийн санхүүжилт нь хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал болохыг тэмдэглэж, сонирхсон компаниудтай холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлэв.
Талууд 10 дугаар сарын 8-нд Сингапурт зохион байгуулах Монгол-Сингапурын бизнес форум нь бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулах чухал талбар болохыг тэмдэглэв. Уулзалтын төгсгөлд хоёр улсын холбогдох байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлж, хэлэлцсэн хамтын ажиллагааны чиглэлүүдийг үргэлжлүүлэн судлах сонирхлоотой байгаагаа харилцан нотлов.