images

МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР ХОТНОО БОЛЛОО

МЭДЭЭЛЭЛ

2026-10-11

7

Монгол, Сингапурын худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монгол–Сингапурын бизнес форум 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Сингапур хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайдын яам, Сингапурын Бизнесийн холбоо, Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран зохион байгуулсан тус форумд хоёр улсын 80 гаруй аж ахуйн нэгжийн 120 гаруй төлөөлөгч оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, ногоон эдийн засаг, технологийн салбар дахь хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.

Форумыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга нээж, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Сингапурын Хөдөлмөр болон Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн асуудал хариуцсан Төрийн сайд Фүү Цэшян нар хүндэт зочноор оролцож, үг хэллээ.

Форумын онцлох үр дүнгийн нэг нь МҮХАҮТ болон Сингапурын Бизнесийн холбооны хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан явдал байв. Санамж бичигт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Сингапурын Бизнесийн холбооны дарга Марк Ли нар гарын үсэг зурж, хоёр улсын бизнесийн байгууллагуудын харилцааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн төлөөлөгчдийн харилцан айлчлал зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдийн чадавхыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдааны мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Мөн форумын үеэр Монгол–Сингапурын нүүрстөрөгчийн кредитийн хамтын ажиллагааны хэрэгжүүлэх хэлэлцээрийн хүрээнд төслийн хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хүлээн авч эхлэх талаар мэдээлэв. Энэ нь хоёр улсын хувийн хэвшлийн байгууллагууд нүүрстөрөгчийн зах зээл, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж байна.

Форумын хүрээнд зохион байгуулсан бизнес хоорондын (B2B) уулзалтуудаар Монгол, Сингапурын аж ахуйн нэгжүүд шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны боломжоо харилцан танилцуулан, шинэ түншлэл бий болгох чиглэлээр 20 гаруй ажил хэргийн хэлэлцээ хийв.

Тус форум нь Монгол, Сингапурын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг идэвхжүүлж, эрчим хүч, нүүрстөрөгчийн зах зээл, технологи, санхүү, хөрөнгө оруулалтын салбарт хамтарсан төсөл, бизнесийн шинэ боломжийг эрэлхийлэх, цаашдын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.