МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛ “ITB ASIA 2026” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
Бүгд Найрамдах Сингапур Улсын “Sands Expo & Convention Centre” төвд 2026 оны 10 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ITB Asia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын компаниуд оролцож, Монгол орны аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд сурталчлан танилцуулав.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Г.Уянга 10 дугаар сарын 21-ний өдөр тус үзэсгэлэн болон түүнтэй зэрэгцэн зохион байгуулагдсан “MICE Show Asia”, “Travel Tech Asia” арга хэмжээнүүдэд оролцож, аялал жуулчлалын салбарын шинэ чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудтай танилцав.
Энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулагдсан “ITB Asia” үзэсгэлэн нь аялагчдын хэрэгцээ, сонирхол, хувь хүний онцлогт нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэж, салбар дахь технологийн дэвшил, инновац, хэрэглэгч төвтэй үйлчилгээний шинэ чиг хандлагыг онцолсон юм. Тус үзэсгэлэн нь олон улсын аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах, бизнесийн харилцаа тогтоох, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал талбар болдог.
Элчин сайд Г.Уянга үзэсгэлэнд оролцсон Монголын аялал жуулчлалын компаниудын төлөөллийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзан, Монгол Улсын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг Сингапурын зах зээлд илүү өргөн хүрээнд сурталчлах, хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр Монголын аялал жуулчлалын компаниудын төлөөлөл Элчин сайдын яамнаас Монгол орны аяллын хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх танилцуулга, каталогийг сонирхсон иргэд, байгууллагад хүргэхэд дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлэв.