ЭЛЧИН САЙД Г.УЯНГА “СИНГАПУРЫН ИННОВАЦ, ТЕХНОЛОГИЙН ДОЛОО ХОНОГ–2026” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга 2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Сингапурын инновац, технологийн долоо хоног–2026” (SWITCH 2026) арга хэмжээний нээлтэд оролцов.
“Enterprise Singapore” агентлагаас Үндэсний судалгааны сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус арга хэмжээ нь 10 дугаар сарын 27–29-ний өдрүүдэд “Marina Bay Sands” цогцолборт болж, дэлхийн 100 гаруй орны 25 мянга гаруй төлөөлөгчийг хамруулж байна.
Нээлтийн үеэр Сингапурын Шадар сайд Ган Ким Ён хиймэл оюун ухааныг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцолж, шинэ материалын судалгаа, боловсруулалтыг хурдасгах “MARVEL-AI” санаачилгад 150 сая сингапур долларын хөрөнгө оруулахаар болсныг зарлав. Мөн хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэх “Champions of AI” хөтөлбөрийн эхний 24 компанийг танилцуулав.
SWITCH 2026 арга хэмжээний хүрээнд хиймэл оюун ухаан, робот техник, квант технологи, хагас дамжуулагч, эрүүл мэнд, уур амьсгалын технологийн чиглэлээр хэлэлцүүлэг, үзэсгэлэн, бизнесийн уулзалтууд зохион байгуулагдаж, “SLINGSHOT” олон улсын гарааны бизнесийн уралдааны шилдэг 50 оролцогч төслөө танилцуулж байна.