images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА “GOVINSIDER”-ИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-11-03

1

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга Сингапурт төвтэй “GovInsider” платформын төлөөлөгчдийг Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

“GovInsider” нь төрийн салбарын инновац, цахим шилжилт, төрийн үйлчилгээний шинэчлэлийн чиглэлээр олон улсын туршлагын талаарх нийтлэл, ярилцлага, арга хэмжээгээр дамжуулан түгээдэг мэдээлэл, мэдлэг солилцооны платформ юм. Тус байгууллага төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллийг холбон, харилцан суралцах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг бөгөөд жил бүр “Төрийн инновацын фестиваль” (Festival of Government Innovation)-ийг зохион байгуулдаг. Уулзалтын үеэр төлөөлөгчдийн танилцуулснаар, “GovInsider” нь үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 11 жилийн хугацаанд олон улсын хүрээгээ өргөжүүлж, жилд 650 орчим нийтлэл бэлтгэн, дэлхий даяар 5 сая орчим уншигчдад хүрч байгаа аж.

Уулзалтаар Монгол Улсын цахим засаглал, төрийн үйлчилгээний цахим шилжилт, инновацын туршлага, ололт амжилтыг олон улсад таниулах, холбогдох байгууллагуудыг “GovInsider”-ийн сүлжээтэй холбох, мэдлэг, туршлага солилцох боломжийн талаар санал солилцов.

Элчин сайд Г.Уянга Монгол, Сингапурын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд, тухайлбал худалдаа, хөрөнгө оруулалт, нүүрстөрөгчийн зах зээл, ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын цахим засаглал, “e-Mongolia” платформ болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны туршлагыг олон улсын уншигчдад хүргэх боломж байгааг тэмдэглэв.

“GovInsider”-ийн төлөөлөгчид Монгол Улсын төрийн салбарын шинэчлэл, цахим шилжилтийн талаарх нийтлэл, ярилцлага бэлтгэх сонирхлоо илэрхийлж, 2027 онд Сингапурт зохион байгуулах “Төрийн инновацын фестиваль”-д Монголын төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулах, цаашид Монгол Улсад хамтарсан арга хэмжээ зохион байгуулах боломжийг танилцуулав.

Мөн үндэсний бичгийн хэрэглээг өргөжүүлэхэд цахим технологийн гүйцэтгэх үүрэг, монгол хэл дээрх мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орчуулга болон контент бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Талууд уулзалтаар хөндсөн чиглэлүүдийн хүрээнд мэдээлэл солилцож, холбогдох байгууллагуудын харилцаа холбоог дэмжин ажиллахаар болов.