images

ЭЛЧИН САЙД Г.УЯНГА МУИС-ИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМИЙН ЭРХЛЭГЧ, БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

МЭДЭЭЛЭЛ

2026-11-04

1

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Уянга Азийн төрийн удирдлагын холбооны (AAPA) 2026 оны олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор Сингапур Улсад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Г.Мягмар, тус тэнхимийн багш Ц.Ариунгэрэл нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайд Г.Уянга Монгол, Сингапурын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн ач холбогдлыг онцолж, хоёр улсын их, дээд сургуулиудын хоорондын харилцааг бэхжүүлэх, нийтийн удирдлага, төрийн бодлого, засаглалын чиглэлээр сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн Сингапур Улсын төрийн удирдлага, засаглалын сайн туршлагыг судлах, эрдэмтэн судлаачдын харилцан солилцоог дэмжих, хоёр улсын холбогдох байгууллага, их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв.

Азийн төрийн удирдлагын холбооны 2026 оны олон улсын эрдэм шинжилгээний хурал 10 дугаар сарын 29–30-ны өдрүүдэд Сингапурын Наньян технологийн их сургуульд “Азийн төрийн удирдлагыг шинээр эргэцүүлэх нь: Хүртээмжтэй байдал, тэсвэрлэх чадвар, тогтвортой хөгжил” сэдвийн дор Наньян технологийн их сургуулийн Наньян төрийн удирдлагын төв, Азийн төрийн удирдлагын холбоо болон БНХАУ-ын Цинхуа их сургуулийн Төрийн бодлого, удирдлагын сургууль хамтран зохион байгуулж, олон улсын эрдэмтэн, судлаачид төрийн удирдлагын хөгжлийн чиг хандлага, хүртээмжтэй засаглал, тогтвортой хөгжлийн асуудлаар судалгааны үр дүн, туршлагаа хуваалцсан аж.